Д.БАЯРЦЭЦЭГ: ТАТВАРЫН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГАТАЙ ХОЛБООТОЙ ГОМДЛЫГ 1800-1212 ДУГААРТ АВЧ ЭХЭЛЛЭЭ.

25 06

Д.БАЯРЦЭЦЭГ: ТАТВАРЫН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГАТАЙ ХОЛБООТОЙ ГОМДЛЫГ 1800-1212 ДУГААРТ АВЧ ЭХЭЛЛЭЭ.

Татварын ерөнхий газар татварын албаны албан хаагч, ажилтны ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой мэдээлэл авах 1800-1212 тусгай дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн байна. Дээрх дугаарт ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авах аж. Энэ талаар болон Татварын улсын байцаагчийн ёс зүйн үндсэн зарчим, хэм хэмжээ ямар байх ёстой талаар ТЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын Татварын улсын ахлах байцаагч Д.Баярцэцэгээс тодрууллаа. 

-Татварын улсын байцаагчийн ёс зүйн үндсэн зарчим, хэм хэмжээ ямар байх ёстой вэ?

-Татварын улсын байцаагч нь Төрийн албаны тухай хууль, Татварын ерөнхий хуульд заасан Төрийн албаны зарчим, Татварын алба, татварын улсын байцаагчийн хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах зарчмыг ханган ажиллах үүрэг хүлээн тангараг өргөн ажилладаг.

-1800-1212 дугаар хэзээнээс ажиллаж эхлэв. Иргэн бүр гомдол, мэдээлэл өгөх боломжтой юу. Үнэ тариф нь ямар байх вэ? 

-Татварын албанаас 2018 оныг “Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхээр олон ажил зохион байгуулж байна. Татварын ажилтны ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой санал, гомдол, мэдээллийг татвар төлөгчдөөс, иргэдээс хүлээн авах тусгай дугаарын утсыг 2018 оны тавдугаар сараас ажиллуулж эхэлсэн. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу иргэд, байгууллагаас уг утсанд ажлын цагаар хандаж санал, гомдол, мэдээллээ ирүүлэх боломжтой. Утсанд энгийн утасны үнэ тарифаар хандах боломжтой юм. Мөн бичгээр гомдол мэдээллийг хүлээн авч ажиллаж байна.

-Өмнө нь Татварын улсын байцаагчийн ёс зүйн талаар иргэдийн гомдол, мэдээллийг авдаг байсан уу?

-Татварын улсын байцаагчийн ёс зүйн талаар иргэдийн гомдол, мэдээллийг өмнө нь татварын алба бичгээр болон утсаар хүлээн авдаг байсан. Гэхдээ энгийн албан өрөөний утсаар дээрх гомдол мэдээллийг авдаг байсан бөгөөд энэ талаарх мэдээллийг албаныхаа www.mta.mn цахим сайтад байршуулан ажиллаж байсан.

-Татварын албаны нэр хүндэд нөлөөлөх төдийгүй улсад хор, хохирол учруулж болохуйц ямар үйлдлийг хориглодог вэ? 

-Төрийн албан хаагч, татварын улсын байцаагчид нь хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс гадна төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөх, өргөсөн тангарагтаа үнэнч ажиллах, төрийн болоод байгууллага хувь хүний нууцыг хадгалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэргээр бүхий үйл ажиллагаандаа ёс зүйн өндөр хэм хэмжээг баримтлан ажилладаг. Төрийн албан хаагчийн болон татварын улсын байцаагчийн үйл ажиллагаандаа хориглох зүйлсийг хуулиар тогтоож өгсөн байдаг.

-Татварын байцаагчийн ёс зүйн байдалд хэн хяналт тавьдаг вэ? 

-Татварын улсын байцаагч нь Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмээс гадна Үндэсний татварын албаны ажилтны ёс зүйн дүрмийг баримтлан ажилладаг. Татварын албаны 2000-аад ажилтан, албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын байдалд Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газар бодлого боловсруулан, удирдлага арга зүйгээр ханган, дотоод хяналтын үйл ажиллагаа явуулж гаргасан зөрчилд хуулийн хүрээнд хариуцлага ногдуулан ажилладаг бөгөөд ТЕГ-ын Ёс зүйн хороо, аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтсүүд түүний дэргэдэх ёс зүйн хороод ажилтны өдөр тутмын үйл ажиллагаа, ёс зүйн байдалд хяналт тавьж ёс зүйн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэх, гаргасан зөрчилд хуулийн хүрээнд хариуцлага ногдуулахаар санал хүргүүлэх зэрэг ажлыг зохион байгуулдаг.

Ёс зүйн дүрмийг зөрчсөн, хамгийн их гомдол ирсэн татварын улсын байцаагчид ямар байдлаар хариуцлага тооцох ёстой вэ? 

-Ёс зүйн дүрмийг зөрчсөн, хамгийн их гомдол ирсэн татварын улсын байцаагчдын аливаа зөрчлийг шалган тогтоож, хууль тогтоомжид заасны дагуу зохих хариуцлагыг ногдуулах ёстой. Мөн хариуцлага ногдуулсан тухай ил тод байдлыг ханган нийтэд мэдээлэн ажилладаг.

Эх сурвалж: http://www.mta.mn/

Сэтгэгдэл