Жижиг бизнесүүд ашиггүй ажилладаг 5 шалтгаан

05 09

Жижиг бизнесүүд ашиггүй ажилладаг 5 шалтгаан

Бизнесүүд ялангуяа жижиг, дунд бизнесүүд урт хугацаанд тогтвортой ажиллах гол үндэс бол ашигт ажиллагаа мөн. Гэтэл ашиггүй ажилладаг компаниуд цөөнгүй, жилээс жилд олноороо үйл ажиллагаагаа зогсоодог, дампуурдаг нь Монголд төдийгүй дэлхий даяар түгээмэл үзэгдэл.

Ашиггүй ажиллаж буй учир шалтгаануудыг олж тогтоох ашигт ажиллагаагаа сайжруулах арга замуудыг зөв тодорхойлох үндэс суурь нь болно. Ингээд хамгийн түгээмэл 5 шалтгааныг харцгаая.

1. Хувийн болон компанийн мөнгө, санхүү холилддог

Жижиг бизнес эрхлэгчид хувийн санхүүгээсээ ялгаж салгаж чадахгүй болтлоо хольдог. Энэ нь нягтлан бодох бүртгэлээ зөв зохистой хийдэггүй, мөнгө санхүүгийн зохион байгуулалт сулаас үүддэг.

Бизнесийнхээ санхүүгийн үзүүлэлтүүдийг үнэн зөвөөр харах боломжгүй болсноор бизнесийнхээ бодит байдлыг харж чаддаггүй. Үнэхээр ашигтай эсвэл алдагдалтай байгаа эсэх нь тодорхойгүй эсвэл алдаатай мэдээлэлтэй байснаар бизнесийн шийдвэрүүд буруу гардаг.

Санхүү, нягтлан бодох бүртгэлээ зохистой хийж хувийн орлого, зарлага, мөнгө санхүүг салган тусгаарласнаар:

  • бизнесийнхээ ашигт ажиллагааны бодит байдлыг харах;
  • алдагдалтай бүтээгдэхүүн, үйлчилгээг олж тогтоох;
  • зардлаа оновчтой удирдах;
  • бизнесийн зөв шийдвэр цаг алдалгүй гаргах зэрэг давуу талуудтай.

2. Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ оновчгүй

Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг хэт өндөр тогтоох нь боломжит хэрэглэгчид илүү өрсөлдөхүйц үнийг сонгоход хүргэдэг. Харин үнийг хэт багаар тогтоох нь хэдийгээр олон хэрэглэгчтэй болгоход туслах боловч ашигт ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлдөг. Олон бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнийхээ өртгийг тооцоолдог ч бусад зардлуудаа (удирдлага, маркетинг, борлуулалт, түгээлт, санхүү, татварын гэх мэт) дутуу тооцох нь элбэг байдаг нь үнийг багаар тогтоох шалтгаан болдог.

Иймд өртөг зардлын тооцоолол, зах зээлийн судалгаа, боломжит хэрэглэгчидтэй ярилцлага хийх зэргээр үнийг оновчтой тогтоосноор ашигт ажиллагааг сайжруулах боломжтой.

3. Маркетинг бараг хийдэггүй

Уламжлалт масс медиа маркетинг харьцангуй өндөр зардалтай байдаг нь жижиг, дунд бизнесүүд маркетингаа зохистой түвшинд хийхгүй байх шалтгаан болдог. Зах зээлд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ маркетингийн мэдээллийг хангалттэй хүргээгүйгээс борлуулалт төлөвлөгөөндөө хүрэхгүй байх улмаар хугарлын цэгтээ хүрэхгүй байснаар урт хугацаанд ашиггүй ажиллахад хүргэдэг.

Орчин үеийн техник, технологийн дэвшлүүд болох интернэт, сошиал медиа, үүлэн тооцоолол, ухаалаг гар утас зэрэг нь жижиг, дунд бизнесүүд харьцангуй бага зардлаар өндөр үр өгөөжтэй маркетинг онлайнаар хийх боломжуудыг олгож байна:

  • Өөрийн салбараас хамааран Facebook, Instagram, Youtube, Linkedin, Twitter зэрэг сошиал медиа платформууд дээр өөрийн хуудсуудыг үүсгэх, зорилтот хэрэглэгчиддээ хэрэгтэй контент байнга бүтээх, хуваалцах, зар сурталчилгаагаар түгээх.
  • Вэб хуудастай болох, агуулгыг тогтмол шинэчлэх.
  • И-мэйл маркетинг зардал багатай тул хөрөнгө оруулалтын өгөөж өндөр байдаг.
  • Харилцагчийн менежментийн систем (CRM) ашиглах.

4. Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийдэггүй

Бизнесийн үйл ажиллагааг зохистой тэлснээр ашигт ажиллагаанд хүрэх ба үүнд санхүүжилт, хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Бизнес эрхлэгчид үүнийг мэддэг хэдий ч хөрөнгө оруулалт татах, санхүүжилт авах боломжуудыг ашиглаж чаддаггүйгээс хугарлын цэгтээ хүрч чадахгүй байх нь элбэг.

Санхүүжилт авч чаддаггүй нэгэн түгээмэл шалтгаан нь нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл дутуу, буруу бүртгэснээс үүдэн тайлангаар бодит байдал дээрхээсээ муу, бизнес нь ирээдүйгүй, хөрөнгө оруулалт хийхэд өгөөжгүй мэт харагддаг.

Зөв үед хөрөнгө оруулалт, санхүүжилт татах, түншлэл үүсгэх зэрэгт санхүүгийн тайлан таны бизнесийн талаарх бүхий л мэдээллийг өгч байдаг тул тайлангаа үнэн зөв, бодитой гаргах нь ашигтай ажиллах нэг үндэс юм.

ХОЛБООТОЙ: Таны бизнесийн хэл юу вэ?

5. Мөнгөн хөрөнгөө буруу удирддаг

Аливаа хэрэгцээ хязгааргүй атал нөөц баялаг хязгаарлагдмал байдаг. Тиймээс хязгааргүй хэрэгцээг хангахын тулд хязгаарлагдмал нөөц баялгаа үр ашигтай удирдаж зохицуулах шаардлага зайлшгүй гардаг.

Мөнгөн хөрөнгөө буруу удирдсанаас ашигтай ажиллаж байгаа компани ч дампуурч болдог. Хэдийгээр тайлан бүртгэл дээр ашигтай харагдаж байвч түүхий эд материалаа худалдан авч чадахгүй эсвэл цалингаа тавих боломжгүй болсон компаниуд олон байдаг. Ийм компаниуд ихэнхдээ цуглуулж авч чадахгүй их хэмжээний авлагатай эсвэл үл хөдлөх хөрөнгөд ихээхэн хөрөнгө оруулалт хийсний улмаас мөнгөн хөрөнгө нь түгжигдсэн байдаг.

Энэ нь компанийн үйл ажиллагаа хэвийн горимоосоо гарах нөхцөл болох ба засаж залруулж чадахгүй даамжирвал санхүүгийн хүндрэлд орж эхэлдэг. Мөнгөн хөрөнгөө зөв зохистой удирдаж чадаагүйгээс шалтгаалан дампуурахын эхний үе шат болдог.

Тэгвэл танай байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамааран дараах асуудлууд гарч байгаа бол мөнгөн урсгал хэвийн биш болж байгааг илэрхийлнэ. Эдгээрээс дурдвал:

  • Байнгын бэлэн мөнгөний дутагдал, хомсдол,
  • Худалдан авагчийн төлбөрийн удаашрал,
  • Гарах урсгал орох урсгалаас илүү байх,
  • Илүүдэл нөөцтэй болох,
  • Үрэлгэн байдал, мөнгөний тооцоогүй, үр ашиггүй зарцуулалт их,
  • Ашигтай ажиллавч үйл ажиллагаа хэвийн бус байх

зэрэг асуудлууд үүсч байгаа бол үйл ажиллагаандаа анхаарч төлөвлөлт зайлшгүй хийх хэрэгтэйг анхаарах хэрэгтэй.

Нягтлан бодох бүртгэлийн мэргэшсэн зөвлөх үйлчилгээ

“Монголтакс ТМЗ” ХХК нь бизнесүүдэд НББ-ын иж бүрэн хөтлөлт, санхүүгийн тайлан, удирдлагын мэдээлэл, өртгийн бүртгэл, бодлогын бичиг баримт боловсруулах ба нутагшуулах, програм хангамж сонгох ба нэвтрүүлэх, сургалт явуулах зэрэг НББ-ийн мэргэшсэн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор зочлон танилцана уу.

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭШСЭН ҮЙЛЧИЛГЭЭ

Сэтгэгдэл