ЗГ: ТАТВАРЫН ӨР ТӨЛӨХ ХУГАЦААНЫ ХӨНГӨЛӨЛТИЙГ СУНГАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

30 05

ЗГ: ТАТВАРЫН ӨР ТӨЛӨХ ХУГАЦААНЫ ХӨНГӨЛӨЛТИЙГ СУНГАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-д өргөн барилаа. Хуулийн төсөлд татварын өр төлөх хугацааг тухайн татвар төлөгчид үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хоёр жил хүртэлх хугацаагаар сунгах боломжтой байхаар тусгасан байна. Мөн гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд өрийн бичиг, хувьцаа гаргасан тохиолдолд ногдол ашгийн болон хүүгийн орлогод ногдох албан татварыг бууруулж, таван хувиар ногдуулахаар тусгажээ. Түүнчлэн жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан гэж Засгийн газaр мэдээллээ.

Компаниуд Татварын багц хуульд идэвхтэй санал өгсөн бөгөөд Сангийн яамны мэдээлснээр багц хуулийн төсөлд 3600 гаруй санал ирсэн байна. Тухайлбал, “CEO” клубээс “Бүтээн байгуулалтын эхэн үед татвараар дэмжих бодлого баримтлах”, “Монцемент” компаниас “2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуультай Татварын багц хуулийг уялдуулах”, Америкийн худалдааны танхимаас “Хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын бодлого баримтлах хэрэгтэй. Татварыг хөрөнгө оруулалт гэхээсээ ашигт нь тавих зохимжтой” гэсэн саналууд хэлж байжээ.

Хуулийн төслөөс харахад байгальд ээлтэй тоног, төхөөрөмж борлуулах, гарааны компаниудын инноваци шингэсэн ажил үйлчилгээ, Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд ногдох албан татварыг хөнгөлөхөөр заасан байна. Мөн 10 хувийн орлогын албан татвар ногдуулах гурван тэрбум төгрөгийн босгыг зургаан тэрбум болгож нэмжээ. Өөрөөр хэлбэл 0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлогод 10 хувь, зургаан тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлогод 600 сая төгрөг, дээр нь тухайн жилийн орлогод 25 хувиар нэмж татвар ногдуулна гэж заасан байна.

Хуулийн төсөл батлагдвал бизнесийн орчин олон улсын тавцанд өрсөлдөх чадвар сайжирч, татвар төлөхтэй холбоотой гарах бизнес эрхлэгчдийн зардал буурна гэж Засгийн газар мэдэгдсэн юм.

Эх сурвалж: www.bloombergtv.mn

Сэтгэгдэл