МЭНДЧИЛГЭЭ

22 08

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт найзууд аа, бид та бүгдийг 2018 оны 09-р сарын 12-с 14-ний хооронд Монгол улсын нийслэл Улаанбаатар зохион байгуулагдах Ази Номхон Далайн Бүсийн Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Холбоо (AOTCA)-ны 2018 оны жилийн хурал болон олон улсын татварын хуралд оролцохыг урьж байгаадаа баяртай байна.

Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгийн зүгээс бид уг хурлыг зохион байгуулагчийн хувьд энэхүү хурлын зочид, оролцогчиддоо үнэ цэнэтэй мэдээлэл түгээсэн, сонирхолтой арга хэмжээ болгож зохион байгуулахын тулд өөрсдийгөө хамгийн боломжит түвшинд дайчлан ажиллах болно.

Олон улсын татварын хурал энэ жил “Base erosion and profit shifting (BEPS) -ийн хүрээнд шинэчлэгдэж буй татвараас зайлсхийх явдлаас сэргийлэх дүрэм (GAAR), түүний хэрэгжилтэнд тулгарч буй практик асуудлууд” (Challenges in implementation of new GAAR Rules under BEPS) сэдвээр зохион байгуулагдах юм. Татвараас зайлсхийх явдлаас сэргийлэх дүрэм нь дэлхий даяар улс орнуудын татварын орчинд татвараас зайлсхийх явдлаас сэргийлэх хамгаалалтын үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд дээрх дүрмийг өөр өөрийн онцлогт тохируулан хуульчлах, хэрэгжүүлэх явдал нь дэлхийн улс орнуудад төдийгүй Монгол улсад ч мөн тулгамдаж байгаа асуудлуудын нэг юм. Монгол улсын Засгийн газар 2019 оны эхээр татвараас зайлсхийх явдлаас сэргийлэх дүрмийг нэвтрүүлж эхлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд энэ нь татвар төлөгчид болон татварын мэргэшсэн зөвлөхүүдийн үйл ажиллагаанд нөлөөлөх томоохон өөрчлөлт болох юм. Тиймээс Монгол улсын хувьд (BEPS)-ийн хүрээнд татвараас зайлсхийх явдлаас сэргийлэх дүрмийг хэрэгжүүлж эхэлсэн бусад орнуудын туршлагаас суралцах нь чухал юм.

Олон улсын татварын хурлыг бид дараах дөрвөн бүлэг хэлэлцүүлэг сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна:

1) GAAR-ийн түүх, BEPS -ийн хүрээн дэх хөгжил, шинэ өөрчлөлтүүд

2) GAAR-ууд: улс орнуудын ялгаатай байдал

3) GAAR-ууд болон татвар төлөгчдийн эрх

4) Татвараас зайлсхийх явдлын кейсүүд болон GAAR-уудын хөгжил

Бид уг хуралд GAAR болон олон улсын татварын бусад асуудлуудаар мэргэшсэн мэргэжилтэн, профессорууд болох Баруун Австралийн Их Сургуулийн багш Ричард Кревер (МУ-ын НӨАТ-ын анхны хуулийн төсөл дээр зөвлөхөөр ажиллаж байсан), Токиогийн Их сургуулийн багш Наказато, Европын Татварын Зөвлөхүүдийн холбооны ерөнхийлөгч Пиержиоржио Валенте гэх мэт эрхмүүдийг зочин илтгэгчээр урьж оролцуулахаар тохироод байна.

Түүнчлэн энэхүү хурал нь AOTCA-ийн гишүүн байгууллагуудын төлөөлөгчдөд өөрсдийн орны татварын орчинд GAAR-ыг нэвтрүүлэх туршлагын талаар хэлэлцэх, илтгэл тавих, хоорондоо санал бодол, бусад улс орнуудын туршлагаас хуваалцах томоохон боломж юм.

Бид та бүгдийг уг хуралд оролцохын зэрэгцээ Монгол улсын өргөн уудам тал, үзэсгэлэнт байгаль, баялаг түүх соёл, онцлогтой танилцан Монголд байх багахан хугацаагаа сайхан өнгөрүүлэхийг хүсч байна.

Бид та бүгдтэй Монгол Улсын нийслэл Улаанбаатарт уулзахыг тэсэн ядан хүлээж байна.

Эх сурвалж: www.cpta.mn

Сэтгэгдэл