Таны бизнесийн хэл юу вэ?

14 11

Таны бизнесийн хэл юу вэ?

Нягтлан бодох бүртгэл нь аливаа байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийж хэр ашигтай бизнес болох, хөрөнгө оруулалт хийвэл эрсдэлтэй эсэх, ирээдүйтэй бизнес мөн эсэхэд дүгнэлт гаргахад гол хэрэгсэл болдог тул “Бизнесийн хэл” хэмээн үздэг.

Өнөөдөр манай ихэнх бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт, зээл авахад хүндрэлтэй, хэцүү байна гэж гомдоллодог боловч чухам яагаад гэдэгт дүн шинжилгээ хийдэггүй. Бизнес эрхлэгчид маань санхүүгийн тайланг өөрийн үйл ажиллагааг үр ашигтай явуулах, хөрөнгө оруулалт, зээл авахад шаардлагатай бизнесийн толь гэдэг утгаар нь биш зөвхөн төрийн байгууллагад өгдөг мэдээлэл гэж өрөөсгөлөөр ойлгодогоос анхаарал хандуулдаггүй. Ийм эзэнтэй компанийн бизнес үр ашигтай боловч нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл дутуу, буруу бүртгэгдснээс болж санхүүгийн тайлангаар алдагдалтай, бизнес нь ирээдүйгүй, хөрөнгө оруулалт хийхэд эргэн нөхөгдөх баталгаагүй гэсэн дүгнэлт гардаг. Өөрөөр хэлбэл нягтлан бодох бүртгэл нь бизнесийн үйл ажиллагааны үр дүн, хөрөнгө санхүүгийн байдлыг тайлан хэлбэрээр илэрхийлдэг учраас түүнийг бизнесийн хэл буюу толь гэдэг.

Олон улсыг хамарсан худалдаа, үйлдвэрлэл хөгжиж, үндэстэн дамнасан компорациуд үүсч, улс орон дамжсан хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр дэлхийн улс орнууд нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн тогтолцоотой болох оролдлогуудыг хийж, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-ыг баталсан. Ийнхүү дэлхий даяар нэг стандартыг баримтлан санхүүгийн тайлангаа гаргах нь хөрөнгө оруулагчид тухайн бизнесийн талаар ижил дүгнэлт гаргах нөхцлийг бүрдүүлдэг байна.

Монгол улсын хувьд Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Олон улсын санхүүгийн тайлагналын стандартын Тайлбарын байнгын хорооноос баталсан тайлбар болон Монгол улсын зохих хууль, тогтоомжийг үндэслэн санхүүгийн тайлангаа бэлтгэхээр хуульчилсан. СТОУС-ын хэрэглээгээр нь аж ахуй нэгж, байгууллагуудыг том, жижиг дунд гэж хуваадаг ба та аль ч бүлэгт орсон албан ёсоор хуулийн этгээд болон хуульд заасан хугацаанд тайлангаа бэлтгэн өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Хэрвээ та компани байгуулсан ч тайлант хугацааны турш үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд “X” тайлан бэлтгэж өгнө. Харин үйл ажиллагаагаа нь тогтвортой явж байгаа аж ахуй нэгжүүд

  • Санхүүгийн байдлын тайлан
  • Дэлгэрэнгүй орлогын тайлан
  • Өмчийн өөрчлөлтийн тайлан
  • Мөнгөн гүйлгээний тайлан
  • Санхүүгийн тайлангийн нэмэлт тодруулга гэх жилийн санхүүгийн тайланг “А” маягтаар, улирлын санхүүгийн тайланг “Б” маягтаар гаргана.

Гэвч зарим бизнес эрхлэгчид тайлант хугацаанд үр ашигтай ажилласан хэдий ч “Х” тайлан гаргах явдал байдаг. Энэ нь нэг талаас бизнесийн ёс зүйгүй аашилж байгаа хэрэг боловч нөгөө талаас тухайн компанийн амжилтыг баллуурдсантай утга нэг гэж ойлгож болно.

Хамгийн чухал нь хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах түнштэй болох, зээл авахад санхүүгийн тайлан таны бизнесийн талаарх бүхий л мэдээллийг өгч байдаг тул тайлангаа үнэн зөв, бодитой гаргах нь компанийхаа үйл ажиллагааны талаар бусдад харуулах боломж болдог.


Нягтлан бодох бүртгэлийн мэргэшсэн зөвлөх үйлчилгээ

Бид бизнесүүдэд НББ-ын иж бүрэн хөтлөлт, санхүүгийн тайлан, удирдлагын мэдээлэл, өртгийн бүртгэл, бодлогын бичиг баримт боловсруулах ба нутагшуулах, програм хангамж сонгох ба нэвтрүүлэх, сургалт явуулах зэрэг НББ-ийн мэргэшсэн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор зочлон танилцана уу.

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭШСЭН ҮЙЛЧИЛГЭЭ

Сэтгэгдэл