10 ГАРУЙ ЖИЛИЙН ДАРААХ ТАТВАРЫН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ

04 04

10 ГАРУЙ ЖИЛИЙН ДАРААХ ТАТВАРЫН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ

Манай улс 1992 онд анхны татварын үндсэн хуулиа баталсны дараа 2006 онд шинэчлэл хийсэн. Түүнээс хойш 10 гаруй жил багц хуулийн шинэчлэл хийгдээгүй юм. Одоо хэрэгжиж буй Татварын ерөнхий хууль есөн бүлэг 76 зүйлтэй. Харин шинэ төсөлд 14 бүлэг 83 зүйлтэй байхаар тусгасан байна. Шинэчлэлээр Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулинд шинэчлэл, бусад 20 хуульд өөрчлөлт оруулахаар байгаа юм.

Хуулинд багцаар нь өөрчлөлт оруулах болсон нь аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилготой аж. Тэд улс орны эдийн засгийг дэмждэг гол хөшүүрэг байдаг. Тиймээс татварын уян хатан нөхцөлийг бүрдүүлэхээр зорьсон нь энэ юм байна. Уг хуулийн төслийг гурван сарын турш боловсруулсан.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Татвартай холбоотой олон маргаан гардаг. Тиймээс хуулиа шинэчлэх нь зүйтэй гэж үзсэн. Монгол Улсад хамгийн их дутагдаж байгаа зүйл бол ажлын байр.

Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд яах аргагүй хувийн хэвшлийг дэмжих ёстой. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьдралын төвшин, аж ахуйн нэгжүүдийнхээ байдлыг харгалзаад татварын багц хуульдаа шинэчлэл хийе гэдгийг Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаан дээр ярилцаж байгаад шийдсэн. Шударгаар татвараа төлдөг иргэдэд үзүүлж буй үйлчилгээ энгийн байх хэрэгтэй. Харин татвараа төлдөггүй, төлөхөөс зайлсхийдэг иргэн, аж ахуйн нэгжүүдээс татвараа авдаг болох зарчмыг хуулийн төсөлд тусгасан” гэв.

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨД 5,000 ГАРУЙ САНАЛ ӨГЧЭЭ

Эдийн засаг хямарч ОУВС-гийн дэмжлэг авахаар хэмжээнд хүртлээ санхүү савласан манай улсын төсвийн орлого өнгөрсөн онд таван их наяд төгрөг давсан. Алдагдал нь өмнөх оныхоос хоёр дахин буюу 1.9 их наяд төгрөгөөр буурсан. Экспортын хэмжээ анх удаа 6.2 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн онд 1.2 тэрбум ам.доллар, алтны худалдан авалт 20 тонн болсон.

Олсон дээрээ дэнжигнэн байсан эдийн засаг сэргэх нь ОУВС-гийн дэмжлэг байсан ч төсөв ийнхүү орлоготой байхад татварын орлогын нөлөө их байв. Тухайлбал, татварын нийт орлого 6.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 27.3 хувиар буюу 1.4 их наяд төгрөгөөр өссөн. Үүнд орлогын албан татвар 566.5 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Мөн өнгөрсөн онд нэмэгдсэн өртгийн албан татвар, гадаад үйл ажиллагааны орлого, нийгмийн даатгалын орлого бүгд өмнөх оноос өссөн үзүүлэлттэй гарав. Татвар бол улсын орлогыг нэмэгдүүлэх гол хүчин зүйлийн нэг. Тиймээс манай улс ОУВС-гийн хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд нийгмийн даатгалын шимтгэл, архи тамхины, нэмэгдсэн өртгийн, суудлын авто машины, хувь хүний онцгой албан татвар, импортын тамхинд ногдох албан татвар, хадгаламжийн хүүгийн татвар, автобензин, дизель түлшний онцгой албан татвар долоон төрлийн татвар нэмэхээр болсон.

Гэвч олон нийтийн хүчтэй эсэргүүцэл Засгийн газрыг татвар нэмэх шийдвэрээсээ буцахад хүргэсэн. Үүнээс сургамж авсан уу Татварын багц хуулийг өөрчилж УИХ-д өргөн барихаасаа өмнө олон нийтийн санал асуулга явуулав. Гуравдугаар cap тэр чигээрээ Татварын багц хуулийн шинэчлэлээр амьсгаллаа гэхэд болно. Тэр тусмаа Сангийн сайд. Өдөр бүр банк санхүүгийн байгууллага, хувийн хэвшил, бизнесийн зөвлөл, мэргэшсэн багш судлаачдыг хамруулсан хэлэлцүүлгүүд өрнүүллээ.

Энэ дашрамд улс даяар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг Сангийн яамны цахим хуудаст 30 хоногийн турш болсоор өнгөрсөн долоо хоногт өндөрлөв. Энэ хугацаанд 5,000 гаруй санал авчээ. Энэ нь алдаанаасаа суралцсан амжилттай алхам байсан гэдгийг олон нийтийн хандлага харуулж байна.

Энэхүү хуулийн онцлох өөрчлөлтийг танилцуулъя.

Татварын ерөнхий хууль

Татварын өр төлөх хугацаа хоёр cap байгааг 24 cap болгон сунгана. Илүү төлсөн татварыг нэн тэргүүнд буцаан олгоно,
Татварын албаны өр барагдуулах, хууль ёсны татвар хураах эрхийг нэмэгдүүлнэ,
Эрсдэлтэй өрийг түрүүлж хураана,
Эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй,
Залилангийн шинжтэй үйлдэлд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй,
Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош ААН-үүд өөрийн хүсэлтээр жилд 1 удаа тайлагнаж, нийт орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгоно. Харин жилийн борлуулалт гурван тэрбум теөрөгөөс дээш бол жилд дөрвөн удаа, доош бол хоёр удаа тайлагнадаг болно.

Аж ахуйн нэгжийн онцгой албан татварын тухай хууль

Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15 хувь болгож бууруулна,
Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийг орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг тав болгоно,
Банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг тав болгоно,
X тайлантай ААН-үүд улиралд 60 мянган төгрөгийн тогтмол татвар төлнө, Барилга байгууламжийн элэгдэл, байгуулах хугацааг 40-өөс 25 жил болгон бууруулна. Олон улсын стандартуудад нийцүүлэн үнэ шилжилтийн тайлан гаргадаг болно, Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлнэ,
Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцно.

Хувь хүний онцгой албан татварын тухай хууль

Нэг шатлалтай, 10 хувийн татвар төлнө,
Оршин суугч этгээдийн татвар 20-иос 15 хувь болж буурна. Хүүгийн орлого нь 10 хувь болно,
Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын нэг хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно, Орон сууцны татварын хөнгөлөлтийг гурван сая төгрөгөөс зургаан сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ, Илүү төлсөн татварыг буцаан олгодог болно.

Бусад

Барилга байгууламжийн НӨАТ-ыг 10 жилд хасагдуулна,
Бусад үндсэн хөрөнгөний НӨАТ-ыг таван жилд хасагдуулна,
Зөрчлийн хуулиас хариуцлагын заалтыг авч Татварын ерөнхий хуулиар зохицуулан хууль хоорондын давхардлыг арилгана,
Татварын улсын байцаагчийн буруугаас татвар төлөгч хохирсон бол төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж ажиллахгүй байх хариуцлага хүлээлгэнэ.

Сэтгэгдэл