2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын татварын орлого 11 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 32 хувиар нэмэгдсэн болохыг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан. Татвар буй дор төр буй гэдэгчлэн төсвийн орлогын бүрдүүлэлтэд татвар голлох үүрэгтэй байдаг.
Тиймээс татварын ажилтны мэргэжлийн ёс зүй, татварын ёс суртахууны тухай болон татварын хуулийн хэрэгжилтийн талаар салбарын мэргэшсэн нягтлан, татварын байцаагчид хамтарсан “Татварын ёс зүй” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгуулагдлаа.
Тус хэлэлцүүлгийн үеэр Татварын Ерөнхий Газар, Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг “Татварын хуулийн хэрэгжилт”-ийн талаар мэдээлэл өгснөөс гадна Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Г.Алтанзаяа “Татварын ёс суртахууны тухай ойлголт”, Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгийн Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны захирал З.Оюунчимэг “Татварын ёс суртахууны” тухай илтгэл танилцуулсан юм.
“Татварын ёс зүй” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх “Бизнесийн ёс зүйн төв”-өөс “Монгол Такс ТМЗ” ХХК хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд МҮХАҮТ-ын Төсөл, хамтын ажиллагааны газрын дарга С.Оюунзул Бизнесийн ёс зүйн төвийн үйл ажиллагааг оролцогчдод танилцуулсан юм. “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ болон “Рио Тинто Монгол” ХХК нь хамтран Монгол Улсад бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх зорилгоор 2021 оны дөрөвдүгээр сард “Бизнесийн ёс зүйн төв”-ийг анх байгуулж байсан билээ.
Бизнесийн ёс зүйн төв”, “Монгол Такс ТМЗ” ХХК хамтран Татварын Ёс Зүй уулзалт, хэлэлцүүлэгт Татварын Ерөнхий Газар,Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг, МҮХАҮТ-ын гишүүн ААН-ууд болон нийт 100 гаруй бизнес эрхлэгч нарын төлөөлөл оролцож, Татварын Ёс Зүйтэй Бизнес Эрхлэхүйг Төлөвшүүлье манлайлалд нэгдэхээ илэрхийлсэн юм.