“Татварын боловсролыг түгээн дэлгэрүүлэх их үйлсийн гараагаа 2007 онд Тэмүүлэл хүү “Аз жаргалын эрэлд ”, ” Татвартай танилцсан нь”, “ Татвар төлөгч болсон нь” цуврал комикс номыг бүтээхээр сургалт , судалгааны ажлаар эхлүүлж байснаа эргэн дурсахад таатай байна .
Нийслэл хот, хөдөө орон нутгийн цэцэрлэгийн бяцхан үрс, сургуулийн бүх насны хүүхдүүд, оюутан залуус, нийгмийн анхдагч нэгж болох өрх гэр бүл, татвар төлөгч иргэн, ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад татварын тухай ойлголт мэдлэгийг хүргэх зорилготой сургалтуудыг тасралтгүй зохион байгуулж иржээ. Татварын боловсролыг олгох нь татвар төлөх нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Нийгэм, цаг үедээ тохирсон татварын хуулийн өөрчлөлт, шинэчлэлт, хэрэгжилтээр тухай бүрд нь хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж сургалтыг зохион байгуулж ирсэн нь өнөө цагийн “ Татварын боловсрол”-ын суурийг тавихад өөрийн хувь нэмрээ оруулсан гэдэгт итгэлтэй байна.
Зах зээлийн өөрчлөлт шинэчлэлт, бизнесийн загвар, дижитал шилжилтийн хурдтай хөгжил, өөрчлөлттэй холбогдуулан татварын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэх үүрэг, хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна. Иймд татварын хуулийн өөрчлөлт, шинэчлэлт, хэрэгжилтэд “МОНГОЛТАКС ТМЗ” ХХК-ны хамт олон нь байнга суралцан мэргэшиж, мэдлэгийн хуримтлалаа дамжуулан түгээж татварын мөн чанарыг ухуулан таниулах, хууль эрх зүй, онол арга зүйн сэдвүүдийг тусгасан ном товхимол, видео хичээл, видео контентуудыг бүтээн олон нийтийн бүтээл болгон хүргэж байна. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд нийт 1,625 удаагийн сургалтыг зохион байгуулж, мэргэшүүлэх чиглэлээр 8,825 хүн, иргэний нийгмийн боловсролын чиглэлээр 20,556 хүн, татварын боловсролын чиглэлээр 42,579 хүн, нийтдээ 71,960 суралцагчдыг хамруулан “Татварын боловсрол”-ыг түгээн дэлгэрүүлэх ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан байна.
ТЕГазраас 2022 оныг татварын боловсролын жил болгон зарласантай холбогдуулан "Монголтакс ТМЗ" ХХК-иас санаачлан ЕБС- ийн бага , дунд , ахлах ангийн сурагчдад зориулан татварын тухай ойлголт, мэдлэгийг насны онцлог, сонирхолд нийцүүлэн хүүхдийн оролцоотой видео контентыг бүтээн олон нийтийн хүртээл болгосондоо баяртай байна. Иргэн бүрт “Татварын боловсрол"-ыг олгох нь татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хувьд бидний нийгмийн хариуцлагын нэг чухал хэсэг бөгөөд энэ чиглэлээр илүү олон бүтээл, санаачилгыг гарган хошуучилан ажиллах болно.
Бага ангийн видео контент - https://fb.watch/cYCG4ZtPiW/
Дунд ангийн видео контент - https://fb.watch/cYCJE3JOUd/
Ахлах ангийн видео контент - https://fb.watch/cYCKulBeo4/