“ Монголтакс ТМЗ ” ХХК нь татварын боловсролыг олон нийтэд түгээх, татвар төлөх нийгмийн хандлагыг төлөвшүүлэх ажлуудыг өөрийн нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн 16 жилийн хугацаанд тасралтгүй хийсээр ирсэн билээ. Бидний анхны бүтээл болох ЕБС-н хүүхдүүдэд зориулан гаргасан “Тэмүүлэл хүү“ цуврал ном эдүгээ 10 бүтээлийг араасаа дагуулж олон сайхан бүтээлүүдийн маань анхны суурийг тавьсан сайхан дурсамжтай. Тэр дундаас бидний бүтээлүүдийн нэг болох “Монгол Улсын Татварын Статистикийн эмхтгэл “ ном нь шинэ үеийн татварын албаны хөгжлийн явцад татварын бааз, суурь татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой татварын нэгдсэн мэдээллийн эх үүсвэрийн 20-н жилийн тоон мэдээллийг эх сурвалжтай нь судлан цуглуулж чадсан ач холбогдол бүхий бүтээл болон хэвлэгдсэн билээ. Энэхүү бүтээл туурвилд зөвлөн ажилласан доктор профессор, статистик багш, судлаач зэрэг мэргэжлийн баг, хамт олон сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байсныг дурьдах нь зүйтэй.
Үүнээс гадна “500 тест” Татвар, нягтлан бодох бүртгэлийн ангийн оюутнууд, нягтлан бодогчдод зориулсан гарын авлага, сургалтын материал, тест, дасгал, бодлогын хураамж, Нягтлан Бодох Бүртгэлийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын танхимд олж авсан онолын мэдлэгийг бататгах, практик дадлага эзэмшүүлэх зорилго бүхий “Санхүүгийн тайлан бэлтгэх аргазүйн тусламж ” ном 2 цуврал, Татвар төлөгчдийн татвар төлөх нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлэх, татварын боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Татвар төлөгчдөд зориулсан хөтөч” гарын авлага 5 цуврал, Хууль эрхзүйн гарын авлага, өрх гэр бүлд санхүүгийн боловсрол олгоход чиглэсэн өрхийн төсвийн практикт тулгуурласан “Амьдралын бүртгэл” гарын авлага, Ерөнхий боловсролын бага, дунд ангийн сурагчдад хувийн санхүүгээ хэрхэн зарцуулж, хуримтлуулах ойлголт мэдлэг болон дадал хэвшил олгох зорилготой “"Тэмүүлэлийн гэр бүл - санхүүгийн нууцаас" комик ном зэрэг бүтээлүүдийг гаргаж олны хүртээл болгожээ. “Өчигдрийн тоон түүх , Өнөөдрийн бүтээл , Ирээдүйн амжилт” гэж “Монголтакс ТМЗ” ХХК -ний үүсгэн байгуулагч Х.Тунгалагмаагийн хэлсэн үгээр хөглөгдөн манай хамт олны мэдлэг, ур чадвараа дайчлан гаргасан бүтээлүүд маань төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд , эрдэмтэн багш судлаачид, татвар төлөгчид , оюутан залуусын байнгийн эрэлттэй ном товхимол , гарын авлага болж чадсан юм.