“Монголтакс ТМЗ” ХХК нь олон нийтийн татвар төлөх хандлагын чиглэлээр үүсгэн байгуулагдсанаасаа хойш захиалгат болон төлөвлөгөөт 11 түүврийн судалгаа, 7 баримт бичгийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэжээ. Эдгээр судалгаанууд нь олон нийтийн татварын талаарх ойлголт, мэдлэгийн түвшинг тодруулах улмаар татвар төлөх хандлагыг үнэлэх, хандлагад нөлөөлөгч хүчин зүйлсийг тодруулах, татвар төлөх хандлагыг дээшлүүлэх шийдэл, арга замыг санал болгох нэгдмэл зорилгын хүрээнд хийгдсэн байна.
Судалгааны үр дүнгүүдийг харьцуулан үзэхэд татвар төлөх хандлагын түвшин жил бүр буурсан, дунджаас доогуур үзүүлэлттэй гарсан бөгөөд эндээс олон нийтэд татварын боловсрол олгох системтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх нэн тэргүүний шаардлага буйг нотлон харуулсан байна. Бидний нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ном бүтээл, сургалт, судалгааны ажлын үр дүнгээс улбаалсан санаачлагыг дэмжин Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь "Тогтвортой хөгжилд татварын боловсролын үүрэг" сэдэвт үндэсний анхдугаар зөвлөгөөнийг 2022 оны 5 сарын 26-ны өдөр зохион байгуулж буйг дуулгахад таатай байна.