2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр "Монголтакс ТМЗ" ХХК нь салбартаа тэргүүлэгч Өмгөөллийн “Эл Би Партнерс” ХХК-тай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэргэжлийн ажил, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Хамтран ажиллах санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.
Энэхүү түншлэлийн хүрээнд талууд мэргэжлийн үйлчилгээг үе шаттайгаар хэрэгжүүлж, бизнес эрхлэгчдэд тулгардаг татвар, эрх зүйн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд хамтран
ажиллахаар болов.
Өмгөөллийн “Эл Би Партнерс” ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд БНСУ-ын хөрөнгө оруулалттай, олон улсын туршлагатай хуулийн фирм юм. Тус фирмд Монгол улс, БНХАУ, БНСУ-ын чадварлаг хуульч, өмгөөлөгч нарын мэргэшсэн баг ажилладаг бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн хууль зүйн зөвлөх үйлчилгээ, өмгөөллийн үйлчилгээ, эрдэм шинжилгээ, судалгааны ажил гэсэн чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр байгууллагын мэргэжлийн нөөц бололцоог нэгтгэж, харилцагчдадаа олон улсын стандартад нийцсэн, илүү өргөн хүрээний мэргэжлийн зөвлөгөө, туслалцааг үзүүлэх шинэ боломжийг нээж байгаагаараа онцлог ач холбогдолтой юм.



