Байгууллагын брэнд дүр төрх гэдэг бол зөвхөн визуал үзэмж биш, харин тухайн компанийн туулж ирсэн түүхэн өв, үнэт зүйл болон ирээдүйд тэмүүлж буй алсын харааны нэгдэл байдаг. Бид 20 жилийн ойн босгон дээрээ үнэт зүйлээ бататгаж, брэндийн шинэчлэлээ албан ёсоор танилцуулж байна.
Өнгөрсөн хорин жилийн турш биднийг тодорхойлж ирсэн хуучин лого маань бат бөхийн бэлгэдэл Пирамид суурь дээр өнгөрсөн, одоо, ирээдүйг холбосон цаг хугацааны хэлхээ болон оршиж ирсэн билээ. Логоны зүрх болсон Улбар шар сум нь татварын олон улсын бэлгэдэл төдийгүй, бидний TAX болон ACC үйлчилгээнүүд арвижин дэлгэрэхийг бэлгэдэж байсан юм.
Өнөөдөр бизнесийн орчин тасралтгүй хувьсаж, дижитал шилжилтийн чухал хөшүүрэг болсон энэ үед бид Брэндийн шинэчлэлээ зарлалаа. Шинэ лого маань энэхүү түүхэн өв уламжлалыг (пирамид болон өсөлтийн сум концепц) хадгалж, илүү минимал, илүү ухаалаг, илүү нээлттэй стратегийн түнш байх бидний амлалтыг шингээсэн.
Бид түүхээ хүндэтгэж, ирээдүйн 20 жилийг тантай хамт илүү ухаалаг, илүү бат бөхөөр бүтээлцэхэд бэлэн байна.



