Нягтлан Бодох Бүртгэлийн улсын XXVII олимпиад амжилттай болж өндөрлөлөө.

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ)-ийн түүхт 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан Нягтлан бодох бүртгэлийн улсын XXVII олимпиад ёслол төгөлдөр болж өндөрлөв. Энэхүү арга хэмжээ нь 27 жилийн түүхэн дэх үе үеийн оролцогчид болон аваргуудыг нэгтгэсэн, мэргэжлийн салбарынхны хувьд өргөн хүрээний ач холбогдолтой үйл явдал боллоо.

"Монголтакс ТМЗ" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд тус олимпиадын Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, ирээдүйн мэргэжилтнүүдийг дэмжих зорилгоор 10 сая төгрөгийн хандив өргөхийн зэрэгцээ оюутан залуусын карьерт бодит хөрөнгө оруулалт хийх шагналуудыг гардуулсан юм. Тухайлбал, олимпиадын эхний гурван байрт шалгарсан оюутнуудад ажлын байрны урилга, 4-6 дугаар байрт цалинтай дадлага хийх эрх, харин 7-10 дугаар байрт мэргэшүүлэх сургалтад суух эрхийн бичгийг тус тус олгож, нийт оролцсон 20 багш, 50 оюутанд дурсгалын гарын бэлэг гардуулав.

Мөн олон жилийн турш шавь нараа амжилттай бэлтгэж, мэргэжлийн манлайлал үзүүлсэн шилдэг багшийг "Монголтакс ТМЗ" ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Тунгалагмаа Өргөмжлөл, нэг сая төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулан алдаршууллаа. Шагнал гардуулах ёслолын үеэр компанийн Дэд захирал Л.Бат-Өлзий "Санхүүгийн мэргэжлийн үйлчилгээний зах зээлийн чиг хандлага, давуу тал" сэдвээр илтгэл танилцуулж, залуу мэргэжилтнүүдэд салбарын хөгжлийн талаар үнэтэй мэдээлэл өгч, амжилт хүссэн юм.