ИТГЭЛЦЛИЙН 20 ЖИЛ: ИРЭЭДҮЙГ ӨНӨӨДРӨӨС БЭЛТГЭСЭН ТҮҮХ

Тавдугаар сар бол Монгол Улсын баялаг бүтээгч, татвар төлөгчдийн сар юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Татвар төлөгчдийн өдрүүд" нь улс орны эдийн засгийн "цусны эргэлт" болсон татварын тогтолцоог сурталчлах, шилдэг татвар төлөгчдөө алдаршуулах, ирээдүйн татвар төлөгчдийг бэлтгэх чухал зорилготой билээ.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулиар ТМЗ байгууллага нь татвар төлөгчдөд хууль тогтоомжийг сурталчлан таниулах, татварын боловсрол олгох үүргийг хүлээдэг. Бид энэхүү үүргээ зөвхөн ажил хэрэг төдий бус, улс орныхоо тогтвортой хөгжилд оруулж буй бодит хөрөнгө оруулалт хэмээн үзэж, "Ирээдүйн татвар төлөгчдийг бэлтгэх" ажлыг 20 жилийн турш онцгойлон анхаарч ирсэн билээ.

Мөн Монголын Татварын ерөнхий газартай (ТЕГ) хамтран "Татвар бидний амьдралд" гар зураг, эссэ бичлэгийн уралдааныг тасралтгүй ивээн тэтгэж, хамтран ажилласаар ирсэн. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд ЕБС-ийн сурагчдад зориулсан сургалт, "Татварын боловсрол – Таны ирээдүй" нээлттэй хаалганы өдөрлөг зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулахын зэрэгцээ татвар төлөгчдөд зориулсан ном, гарын авлагуудыг тогтмол хэвлүүлэн хүргэдэг.

2026 оны гар зургийн уралдаанд оролцож буй нийт оролцогчдодоо амжилтын дээдийг хүсэн ерөөе.