Таны бизнесийн хэл юу вэ?

Нягтлан бодох бүртгэлийг “Бизнесийн хэл” гэж Уоррен Баффетт хэлсэн байдаг. Байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан, шинжилгээгээр:

  • Уг бизнес хэр ашигтай ажиллаж буй,
  • Хийсэн хөрөнгө оруулалт үр өгөөжтэй байгаа эсэх,
  • Хөрөнгө оруулалт хийвэл эрсдэлтэй эсэх,
  • Ирээдүйд хэр амжилттай явах

зэрэг олон чухал дүгнэлтүүд хийдэг, бизнесийн стратегийн болон өдөр тутмын шийдвэрүүдийг оновчтой гаргах боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл нягтлан бодох бүртгэл нь бизнесийн үйл ажиллагааны үр дүн, хөрөнгө санхүүгийн байдлыг тайлан хэлбэрээр илэрхийлдэг учраас түүнийг бизнесийн хэл буюу толь гэдэг.

Монголын олон бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад хэцүү, банкнаас зээл авахад хүндрэлтэй гэж гомдоллодог. Санхүүжилт авахад яагаад хүндрэлтэй байдаг вэ?

Тэд санхүүгийн тайланг бизнесийн үйл ажиллагаагаа үр ашигтай явуулах, хөрөнгө оруулалт, зээл авахад шаардлагатай бизнесийн толь гэдэг утгаар харах нь ховор. Энэ нь татварын алба болон бусад төрийн байгууллагад заавал гаргаж өгөх шаардлагатай мэдээ, тайлан гэсэн өнцгөөс өрөөсгөлөөр ойлгох нь түгээмэл.

Ийм эзэнтэй компанийн бизнес бодит байдал дээр үр ашигтай боловч нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл дутуу, буруу бүртгэснээс үүдэн санхүүгийн тайлангаар алдагдалтай, бизнес нь ирээдүйгүй, хөрөнгө оруулалт хийхэд эргэн нөхөгдөх баталгаагүй гэсэн дүгнэлт гардаг. Алдагдалтай, ашиггүй бизнесүүдэд хөрөнгө оруулалт, санхүүжилтийг боломжууд хаалттай байх нь тодорхой.

Олон улсыг хамарсан худалдаа, үйлдвэрлэл хөгжиж, улс үндэстэн дамнасан компорациуд үүсч, улс орон дамжсан хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр дэлхийн улс орнууд нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн тогтолцоотой болох оролдлогуудыг хийжээ. Улмаар санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-ыг баталснаар дэлхий даяар нэг стандартыг баримтлан санхүүгийн тайлангаа гаргах болсон. Энэ нь хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагууд тухайн бизнесийн талаар ижил, нэгэн ойлголттой дүгнэлт гаргах нөхцөлүүдийг бүрдүүлсэн байна.

Монгол улсын хувьд Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Олон улсын санхүүгийн тайлагналын стандартын Тайлбарын байнгын хорооноос баталсан тайлбар болон Монгол улсын зохих хууль, тогтоомжийг үндэслэн санхүүгийн тайлангаа бэлтгэхээр хуульчилсан. СТОУС-ын хэрэглээгээр нь аж ахуй нэгж, байгууллагуудыг том, жижиг дунд гэж хуваадаг ба та аль ч бүлэгт орсон албан ёсоор хуулийн этгээд болон хуульд заасан хугацаанд тайлангаа бэлтгэн өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэй.

Хэрэв та компани байгуулсан ч тайлант хугацааны турш үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд “X” тайлан бэлтгэж өгнө. Харин үйл ажиллагаагаа нь тогтвортой явж байгаа аж ахуй нэгжүүд

  • Санхүүгийн байдлын тайлан
  • Дэлгэрэнгүй орлогын тайлан
  • Өмчийн өөрчлөлтийн тайлан
  • Мөнгөн гүйлгээний тайлан
  • Санхүүгийн тайлангийн нэмэлт тодруулга гэх жилийн санхүүгийн тайланг “А” маягтаар, улирлын санхүүгийн тайланг “Б” маягтаар гаргана.

Харин зарим бизнес эрхлэгчид тайлант хугацаанд үр ашигтай ажилласан хэдий ч “Х” тайлан гаргах нь бий. Энэ нь нэг талаас бизнесийн ёс зүйгүй байгаа, нөгөө талаас тухайн компанийхаа амжилтыг баллуурдаж буйтай утга нэг.

Хамгийн чухал нь хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах түнштэй болох, зээл авахад  санхүүгийн тайлан таны бизнесийн талаарх бүхий л мэдээллийг өгч байдаг тул тайлангаа үнэн зөв, бодитой гаргах нь компанийхаа үйл ажиллагааны талаар бусдад харуулах боломж болдог.

Нягтлан бодох бүртгэлийн мэргэшсэн зөвлөх үйлчилгээ

Бид бизнесүүдэд НББ-ын иж бүрэн хөтлөлт, санхүүгийн тайлан, удирдлагын мэдээлэл, өртгийн бүртгэл, бодлогын бичиг баримт боловсруулах ба нутагшуулах, програм хангамж сонгох ба нэвтрүүлэх, сургалт явуулах зэрэг НББ-ийн мэргэшсэн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор зочлон танилцана уу.