Монголтакс ТМЗ ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Тунгалагмаа ТМЗ нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн нэрэмжит шагналаар шагнагдлаа

ТМЗ нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн анхдугаар шагналыг Х.Тунгалагмаа хүртлээ.  

Монголтакс ТМЗ ХХК-ийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын татварын мэргэшсэн зөвлөх, ТМЗ нийгэмлэгийн Сургалт судалгааны менежментийн хорооны дарга Х.Тунгалагмаа нь нягтлан бодох бүртгэлийн салбарт 40 гаруй жил ажиллаж, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг Монгол Улсад хөгжүүлэх үйлсэд гар бие оролцож, анхны суурийг нь тавилцсан төдийгүй Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг батлуулахад оролцсон юм. Тэрээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэгч анхдагч компаниудын нэг болох “Монголтакс ТМЗ” ХХК-ийг үүсгэн байгуулж, татварын хуулийн хэрэгжилтийг хангах, татвараа үнэн зөв тайлагнах нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаа юм. Өнгөрсөн 2018 онд Х.Тунгалагмаа багш Монгол Улсын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгийн зохион байгуулсан Ази Номхон Далайн Бүсийн орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Холбооны ээлжит хурал “AOTCA 2018 MONGOLIA” олон улсын татварын чуулганыг зохион байгуулахад Ерөнхий зохион байгуулалтын багийг хариуцан, удирдан чиглүүлж, үнэтэй хувь нэмрээ оруулан ажилласан билээ. Шагналыг түүний энэхүү хичээл зүтгэлийг сайшааж өгсөн юм. Х.Тунгалагмаа танд баяр хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсье.