Жил бүр Мандах их сургууль, Монголтакс ТМЗ ХХК хамтран уламжлал болгон зохион байгуулдаг ӨРТГИЙН БҮРТГЭЛ олимпиад нь энэ жилийн хувьд бусад жилүүдээс илүү онцлогтой болж өндөрлөлөө.
- Цахим олимпиад
- Өртгийн бүртгэл-2013 дэд байрт Д.Дашдуламын нэрэмжит болсноороо тус тус онцлогтой юм.
Үүнээс хойш жил бүр зохион байгуулахдаа өмнөх олимпиадын аваргууд болон дэд байрын эздийн нэрэмжит болгохоор шийдвэр гарсан болно. Энэ жилийн хувьд Ковид-19 цар тахлын улмаас Мандах их сургуулийн багш нар болон Монголтакс ТМЗ ХХК-ийн ажилтнууд амжилттай цахимаар зохион байгуулж аваргуудаа тодрууллаа.
1-р байранд: Дархан салбар сургуулийн НББ-Аудит 3р курсын оюутан Э.Энхдэлхий
2-р байранд: Төв салбар сургуулийн НББ-Аудит 3р курсын оюутан Б.Дэлгэрмагна
3-р байранд: Төв салбар сургуулийн НББ-Аудит 3р курсын оюутан П.Мягмардулам
Тус тус орж 3, 2, 1 сарын цалинтай дадлага хийх эрх, өргөмжлөлийн хамтаар шагнуулсанд халуун баярыг дахин хүргэж байна.
Өртгийн бүртгэл-2013 Олимпиадын дэд байрт Д.Дашдулам/CPTA, Certified appraiser/ ын сэтгэгдлийг та бүхэнд хүргэж байна.
Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Тэртээ 2010 онд тус сургуульд элсэн орж 2014 онд нягтлан бодогч мэргэжлээр төгсөөд Монголтакс ТМЗ ХХК-д ажлынхаа анхны гарааг эхэлж байлаа. Үүний түүх болсон гол гүүр нь Зардлын бүртгэлийн олимпиад байсан. Мандах их сургууль Монгол такс ХХК-тай хамтран зохион байгуулсан зардлын олимпиадад мэдлэг оюунаа сорьж амжилттай оролцож, 2 сар цалинтай дадлага хийх эрхээр шагнуулсан . Энэ 2 сарын хугацаанд онолын мэдлэгээ бататгаж, практик дадлагыг сурсан. Төгсөх жил компанийн зүгээс ажлын санал тавьж, урилга өгснөөр анхны ажлын гараа минь эхэлсэн. Энэ бүхний ард нягтлан бодох бүртгэлийн сууриас ахисан шатны бүртгэл хүртэл заасан Мандах их сургуулийн бүх багш нартаа болон нийгмийн хариуцлагын хүрээнд оюутан суралцагчдыг үргэлж дэмжиж ажилладаг Монгол такс ТМЗ ХХК-ийнхаа хамт олонд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.
Энэхүү олимпиадыг зохион байгуулах зорилго нь оюутнуудыг биеэ дайчлан суралцах идэвхийг нэмэгдүүлэх, оюутны суралцах түвшин хэр хэмжээнд байна, багш нарын өгсөн мэдлэг сургалтыг хэрхэн өөртөө сайнаар эзэмшсэн байгааг тодорхойлоход оршино. Хичээл зүтгэл гаргах, бие даан суралцах, өөртөө итгэх итгэлийг бий болгох, мэдлэг оюунаа дайчлан суралцах боломж нь оюутан бүрт тэгш байдаг. Тэгэхээр өөрсдийн боломжийг бүү алдаарай. Оюутнууддаа олимпиадад нь амжилт хүсье.